Миний анхны сэтгүүл зүйн бүтээл

Миний бурхан МИНИЙ ТООНОТ –ын нүүр царай болсын

Амьсгал бүрээ мэдэрч, хором бүрээ үнэлж амьдрах сайхан биш гэж үү.
Сэтгэл минь дэнсэлж донсолохдоо амархан, гуниж гутрах нь энүүхэнд авч эргэн сэргэж, өөдрөг тийшээ хөлбөрөх нь түүнээс илүү амархан билээ.
Ажил бүтэхгүй, явахгүй болохоор уур минь хүрэх ч нэгэнт эхлүүлсэн ажлын цэгийг тавьж, зөөлөн шинэхэн бяслагны шар шүүсийг шахах нь ямар кайфтай гээч.

Дипломан дээр сэтгүүлч гэж бичүүлсний хэргийг гаргаж сэтгүүл зүйн анхны бүтээлээ эх барьж авлаа.
Сэтгүүлдээ би сэтгүүл зүйн бичлэг оруулахаас гадна мэдээж арай нэг хийж зуршсан орчуулга хийх давуу талаа ашиглан “ажиллаа”.
Сэтгүүл маань интернет бүр тодруулбал блог ертөнцөөс төрж бодитоор мэндэллээ гээд хэлчихэд нээх буруудахгүй болов уу.
Арсун ахынхаа “цүнхэнд багтдаг” монгол гэрийг сэтгүүлийнхээ хуудсанд багтааж, Номинчимэд ахынхаа тусгаар тогтнолын бахархалыг үг үсэг бүртэй нь аравнаалж, зүрхэнд минь, бодолд минь уяатай явдаг Монгол хүний бахархал, үнэ цэнэ, би Монгол хүн болж төрсөнийхөө хувь зохиолыг илтгэх бичлэгүүдийг түлхүү оруулан шингээхийг эрхэмд үзэн мөрөөдлийнхөө эхлэлийг энэ сэтгүүлээр тавьж чадлаа гэж хэлэхдээ таатай байна. Шинэ Үеийн буланд минь анхны зочин болж уригдан ярилцлага өгөхийг зөвшөөрсөн Банжиг нетийн мундаг захирал Хужийгийн сонирхолтой ярилцлагыг та сэтгүүлээс минь уншиж болно.  

Эх барьж авсан бүтээл маань “Зөвлөх зөгий” нэртэй. Хачин жигтэй нэр байна уу.
Жигтэй нэрлэгдсэн сэтгүүлийн маань эхний хуудсыг л эргүүлэн тойруулаад хараарай. Эхний өгүүлбэр нь л таныг хөтлөөд нэг мэдэхэд арын хуудсанд аваачсан байх бий. /ТОМРОВ ХЭХЭ/ Энэ зурагны өнгө жаахан сонин байгаад байна энэ линк дээр дарж гоё өнгийг харна уу

Сэтгүүлд минь багтсан мэдээлэл бүрийг үнэ цэнэтэй, хүнд хэрэгтэй, хийж хэрэгжүүлж болохоор ядаж л мэдээлэл нь архив болон үлдэж мөнхүү оюунд тань бодрол хөврүүлэхээр байгаасай гэж бодож ажилласан юм шүү.
Бодрол хөврүүлж, мэдээлэл өгөх сэтгүүлийн минь дизайн үнэхээрийн гайхалтай, аргагүй л эмэгтэй хүний торгон мэдрэмж, өнгө будгийн гайхашигт хослол цогцлон бүрдсэн гээд хэлчихэе. Аргагүй дээ Юнителийн урдаа барьдаг ганц том дизайнер хийсэн юм чинь ГЭЭД Л АХИАД НЭГ ТОМРОНОО.

Сэтгүүл зүйн багш маань агуулга, хэлбэрийн нэгдэл гэж их ярьдаг байж билээ.
Агуулга, хэлбэрийн нэгдэл. Сэтгүүл уншихад урамтай сайхан, харахад гэгээтэй дулаан сэтгэл татам байх хэрэгтэй. Энэ л утгаараа харц хөтлөх дизайныг Юнителийн дизайнер тун сайн шийдэж чадсан юм.
Зөндөө магтаад байна уу ХЭХЭ. Залуу хүмүүст магтаал бурам шиг хэрэгтэй биш гэж үү.
ЭНЭ ЗАВШААНЫГ АШИГЛААД гэдэг шиг Бэлэн Сэнгэ нэрээр Блог ертөнцөд алдаршсан Айдоо эгчдээ дэмжиж туслаж, урам өгч бурмаар тэжээж байсанд баярлалаа гэж хэлмээр байна. Оогийноо давруу юм болохоор Адьяа эгчээс салахгүй наалдан ПАД.
Мөн бас 25-р суваг телевизийн хөтлөгч, найз, хөөрхөн Номиндоо сэтгүүлд минь өнгө нэмж зургаа авахуулахыг зөвшөөрсөнд баярлалаа, зургийг тасархай авсан Идодоо, сэтгүүлийн менежер басхүү жаахнаараа авч цангаргатай сайн захирал Ууганаадаа бүгдэд нь баярлалаа.
Баг маань сэтгэл нийлсэн залуусаас бүрдсэн учраас ажлын чөлөө заваараа сэтгүүл дээрээ үүр цайтал сууж байхдаа унтах нойрныхоо хойно урдаас харамсан хорогдоод байх юмгүй байлаа шүү ГЭЖ.
Сэтгүүлийнхээ дээжээс Арсун ахдаа, Номинчимэд ахдаа бэлэглэнээээ. Арсун, Немо миний хүүхдүүд “борооны охиноосоо” бэлгээн ирж аваарай.

Өө нээрээ мартах нь!!!!!!!! Оогийноо би бээр 4 хэсгээс бүрдэх сэтгүүлийнхээ МИНИЙ ТООНОТ хэсэгтээ хамгаас их ач холбогдол өгч ажилласан. Энэ хэсгийг та анхааралтай уншиж хариултаа өгөөрэй. Урьд хожид хаана ч гарч байгаагүй ХОВРЫН мэдээлэл байгаа шүү. /БАС Л ТОМРОЛТ ХЭХЭ/ Дээр байгаа миний бурхан МИНИЙ ТООНОТЫН нүүр царай болж зургаа авахуулсан юм. За Зараа ахад загнуулсааааан. Энд тэнд зургийг нь тавилаа ингээд... Би уг нь Зараа ахын үгийг тун сайн дагаж, аль болох зургийг нь тавихаас түтгэлзэж байсан юм. Энэ удаад тэвчсэнгүй шүү.

За ингээд Оогийноогийнхоо сэтгүүлийг уншаад сэтгэгдэлээ үлдээгээрй БЛОГ АНД НАРАА.
Зөвлөх Зөгий нэртэй сэтгүүлийг худалдан аваарай залуусаа. Бие биеэ дэмжийлдээ ТИЙМЭЭ.

Ёоо хуулаад хаячихиймсан

Би гэдэг хүн харшилтай болоод 4 жил болж байна.
Гэтэл яг хэрэгтэй үед харшил хөдлөөд нүүр царай гэж авах юм байхгүй үзээрийн, хүүхэд айлгаж, хүн үргээн, шөнө дөлөөр зүүд нойрон дунд орж хар даруулахаар амьтан болчихсон л гүйгээд явна.
Ажил ажил гэж хөдөө гадаагүй гүйсээр яваад нөгөө харшил нь сэдрээд улам бүр хэцүүдэн галт уул дэлбэрч байгаа аятай нүүрнээс лав гарах болов.
Гэм хийсэн хүн шиг хүмүүсийн нүүрийг эгцлэн харахаас ч санаа зовох болов.
Гэтэл гадуур дотуур ганцхан би уртад харайн, холд гүйн байж амжуулах ажил уул овоо мэт их байдаг. Ажил бүтээхэд сайхан биш ч энэ нүүр царай хаяаадаа нэг хэрэг болоод л явдаг байсан юм.
Урдын сайхан цэвэрхэн арьсаа эргүүлээд нэг авчихсан юм сан гэдэг нь өдрийн бодол, шөнийн зүүд боллоо.

Мэргэжлийн гэх хүмүүсээс авсан зөвлөгөөгөөр эмчилээд сэвх нэмэгдснээс биш, өөрөөр дээрдсэнгүй.
100 айлаас өөр харшилын маш сайн эмнэлэг, эмч хаана байнаа.
Эсвэл зөвлөгөө өгөх мэргэжлийн хүн байна уу таминь.
Улаанбаатар хотын
давгүй, гайгүй гэсэн харшилын эмнэлэгүүдээр орж гарлаа. Нэг л биш юмаа. Олигтой онош тавчих газар үнэхээрийн олдохгүй юм.

Яаавал дээр юм болоо.

 

Хоцормооргүй байна

Ажил
Сүүлийн үед ихийг сурч, ихийг ойлгож байна.
Ажлыг амжуулж, аливааг хийх тутамд мэдэхгүй юм тохионо. Тэр болгонд би ямар их зүйлээс яагаад ингээд хойш үлдээд хоцорчихсоноо өөрөө ч ойлгохгүй байна.
Сурах, судлах, мэдэх зүйл маш их байна. Үнэндээ би дэмий зүйл бодож, дэмий зүйл эргүүлдэж цагаа үрж байжээ.

Би сэтгүүлч-орчуулагч болох ёстой. Миний ганц охин сайн сэтгүүлч, сайн орчуулагч болноо гэж аав минь дандаа хэлдэг байсан. Хэдэн ном орчуулж гаргаад, жаал жуулхан юм бичдэг байснаараа би өөрийгөө орчуулагч болчихсон, сэтгүүлч болно гэж эндүү бодож байж.
4 жилийн өмнө төрийн шагналт хөгжмийн зохиолч Жанцанноров гуай "Намайг хойно сурч байхад манай орос багш чи монголынхоо түүх соёл, уламжлалыг сайн мэдэхгүй байж харийн түүх соёл, уламжлалыг судлана гэдэг юу гэсэн үг вэ гэж надаас асуухад би их ичиж билээ" гэж дурсан ярьж байсан нь надад их айхтар тусаж билээ. Өөрийн гэсэн бүхнийг үзэж судлах хэрэгтэй гэдгийг ухаарсан боловч ажлын чөлөө цагийн хажуугаар бас бус зүйлийг оролдох хийгээд халтуурдахын завсар завдал олдохгүй л явлаа.
Өнгөрсөн 12 сард Малайзад олон улсын хуралд оролцон илтгэл тавихад МОНГОЛ гэдэг тэнгэрлэг нэр намайг "өргөж" байх шиг санагдсан ..., саяхан Номинчимэд гуайн Тусгаар Тогтнолын бичлэгийг уншаад "Би дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах ёстой МОНГОЛ ХҮН" гэдгээ улам бүр ухаарсан. Дэлхийн хаана ч явсан намайг МОНГОЛ гэдэг л нэр чимнэ гэдгийг ойлгосон.

Гадны хэл сурч байгаа хүн Монголынхоо түүх, соёл, бичиг үсгийн найруулга зүйг гадарлахгүй, мэдэхгүй байж, орчуулагч тэр тусмаа сэтгүүлч гэх нэрийг зүүх байтугай бодох ч эрх байхгүй мэт надад санагдаж байна. Иймээс өөрийнхийгөө, өрөөлийнхтэй хамт цаг алдахгүй шалавхан судлахад надад цаг тун бага үлдэж.
АЗААР БИ ИХ САЙН, САЙХАН БАГШТАЙ БОЛСОН. ХҮНИЙГ ОЙЛГОДОГ, ХҮНИЙГ ЗӨӨЛНӨӨР, ЗӨВӨӨР СУРГАЖ ЧАДДАГ. Зөв, "зөөлөн" багштай болсондоо их баяртай байна. Хэдий мундаг мэдлэгтэй, чадалтай байсан ч ихэрхүү, бие тоосон ойворгон сагсуу хүнээс би хэзээ ч юм сурах ёстой гэж боддоггүй.
Харин хүн надад зөөлөн хандах тусам би өөрөө өөртөө шаардлага тавьж, чармайдаг зантай хүн.
Бас л азаар надад тийм сайн багш таарчээ. Мэдлэгтэй, чадалтай, зөөлөн БАГШ.
Сэтгүүл зүй өөрөө Эрхэм юм. Энэ салбарт би зөв, сайн багшаар хөтлүүлэн, залуулан орох болсондоо туйлын баяртай байгаа.
Ямар ч зүйлийг зөвөөр эхлэж мэдрэнэ гэдэг чухаг хэрэг.
Сайн, сайхан багшид шавь ороход тусласан "Бэлэн сэнгэ" хочит Айдоо, "Сэгсгэр" хочит Зандаа эгч нартаа баярлах нь зүйтэй бизээ.

Хувийн амьдрал
Их ажлын хажуугаар бас хүн сорихтойгоо байгаа юмаа гэж. Саяхнаас нэг залуу хархүү их таалагдах болсон. Нуруу туруу, зүс царай, нүд хөмсөг, ажил төрөл ер нь бол гадаад талаасаа болоод яриа хөөрөө, харилцаа хийгээд боловсрол энэ тэр нь их давгүй.
Санаа тавьж, халамжилах нь зүгээр.
Хоёр биендээ таалагдаж байгаа залуу хүмүүс гэтэл арай биш юмаа ...
Санаатай, санаандаггүй тавьсан "сорилтонд" минь "шифи" өгсөөр байтал бүдэрчихлээ.
Ингээд л таалагдахаа болив. Тавьсан "сорилтонд" унангуут таалагдаж байсан сайхан залуу таалагдахгүй болж байна гэхээр би өөрөө "бүтэхгүй" ээ.
Сайхан залуудаа "Оогийноо өөрөө бүтэхгүй ээ. Миний найз цагаа бараад юу хийхэв" гээд л хэлчихсэн.

Завсарлага
За ингээд бодлоо. Юун тэр онгироо сагсуу сайхан залуу, найзуудын "эмэгтэйлэг" болгох төлөвлөгөө энэ тэр ... Эдгээрийг бүр орхихгүй ч тусгайлан цаг гаргахад арай л болоогүй байна. Цэвэрхэн цэмцгэр байхад найзуудаасаа эмэгтэйлэг "шошгыг" нь гуйгаад биш ч гуядаад авчихна даа, харин тэр залуу "зам дээр байдаг заяаны хань" биш байсан бололтой.
Харин одоо хэт ирээдүйгээ бодоод мэдэхгүйгээ мэдэхийн төлөө сур сур бас дахин сур замаар эргэлт буцалтгүй явахаар шийдэв. Энэ шийдэлд нэгэн учир бий. Мөнгөний илүүг харж гэр бүлийн бизнестэй хоёр сар "барилдлаа". Тэр үед би өөрийгөө үнэнийг хоргүй худлаар буруулж хүн панаалдан панз үсэргэх авьяас чадваргүй нэгэн гэдгээ ухаарсан. Жаахан л зөрүүтэй үг дуугарвал хацар нь чихээ хүртэл улайгаад "баригдана" даа болно.
Олон шалтгаан, учралын буянаар өөрийгөө ямар салбарт зүтгэж, ямар замаар явах хүсэлтэйг, сонирхолтойг, юуг мэдэж юуг судалбал зохилтойг мэдрэв.

Сур, сурахын завсар "зам дээгүүр жороолох залууг" ханиа болгож аваад, найзуудаасаа шошгоо аваад зүүчихнэээ.
Нохойн дуу хаяанд ирээд өдөр шөнөгүй хуцаж унтахад ч болмооргүй санагдана.
Бусдаас хоцрохгүйн тулд илүү ихийг сурах хэрэгтэй байна.

Хөөрхөн төрсөн нь миний буруу юу

Бусдын нөлөөнд автмааргүй байсан ч заримдаа өөрийн эрхгүй ховсдуулаад, жанжин шугамаасаа далийж давхихад хүрэх юм.
      Надад ойр дотны боловч тэс хоёр өөр ертөнцөд багтах найз охидууд бий. Би бүгдтэйн ижил харьцаж хүссэн үед нь ямар их ажилтай байсан ч цаг гарган уулзах дуртай. Эхний ангилалд нь эрдэм номыг өөрсдийн амьдралын жанжин шугам болгон, хийж буй ажилдаа эзэн болох гэж мэрийдэг чадвартай, чансаатай, мэдлэгтэй бүсгүйчүүд багтдаг. Нөгөө ангилалд нь гангар шаазан шиг хээнцэр дэгжин, зүс царай биеэрээ эмэгтэй хүний увьдас, эрчүүдийг өмнөө сөхрүүлэхийн гайхамшигийг нотлохыг чармайдаг бүсгүйчүүд. Хоёулаа надад таалагддаг, хоёулаа миний сайн найзууд. Хэрэгтэй үед минь цааргалахгүйгээр туслаж дэмжин, зөвлөгөө өгдөг сайн нөхдүүд.
      Харин би гангар шаазан шиг дэгжин найз охидуудаасаа алслан зугтаад “завгүй, завдалгүй” гэх шалтгаанаар уулзахгүй бараг хагас жил болчихсон байлаа. Өчигдөр нээрээ яг “гэмт этгээд баригдана даа” гэдэг шиг зам дагаад л нээх завтай нөхөр том хар цүнхээ дүүрч ядан сулдаа гангаж яваад “олзлогддог” байна ш дээ.
      Ингээд л найз охидууддаа баригдаал бол би чухам ярианы сэдэв болж, ариун цэврийн үзлэг, эмэгтэйчүүдийн үзлэг, мисс алхалт, ирмэлт, анивчилт зэрэг төгс сайхан эмэгтэй байхын албадан үзлэгт орно. Мэдээж тэдний шалгуурт угаасаа нийцдэг биш “0” гэсэн үнэлгээ авч хурлаар “банга” авахуулдаг нөхөр л дөө. Хүн муу байсан ч муу гэдгээ сонсох дургуй гэдэг шиг би эмэгтэй юм байж бас яаж эмэгтэй биш гэж дуудуулах дуртай байхав дээ. Энэ шалтгаанаар найз охидуудтайгаа уулзахаас дөлөөд байдаг болчихгүй юу.
      За энэ удаад ч ёстой эхэллээ дээ. Олон жил компьютерийн ард сууж, ном шагайсны гавьяа хараа муудаад ... өвөл нэг нүдний шил хийлгэсэн байгаам л даа. Тэр нүдний шилийг минь “Пужкарева л гэнэ, эмээ үлгэр уншихдаа ийм шил зүүдэг байх л гэнэ”, “60-оны шилний хүрээ хийлгэчихсэн байна л гэнэ”, “миний найз хамгийн сүүлд хэзээ үсчинд орсон вэ. Арван жилээс хойш л ардаа үсээ боолоо. Хүмүүс өөрчлөгдөөд байхад чи яг л хэвэндээ л байхын. Ядаж наад үсээ эвтэйхэн шиг самначихдаг байхад яадаг юм вэ л гэнэ” /энэ ч яахав байнга л хэлж байдаг юм/ шүүмжлэл бол аадар бороо шиг амьсгаа авахын зав өгөлгүй асгарч гарлаа.
      “Оогий минь гэрээсээ хөөгдсөн хүн шиг нээх том хар авдар чирчихээд. Хөнгөхөн, тансаг, цэвэрхэн гоё цүнх барьж бай гээд байхад. Нээх жижигхэн биен дээрээ яаахаар ингэж том цүнх барьж явдаг байнаа. Бусад эмэгтэйчүүд том цүнх чирэлгүйгээр ажил хийж болоо л байдаг юм байна лээ ш дээ. Чи л нэг ганцаараа бичиг цаастай ноцолддог хүн шиг байх юмаа” гээд л ....
      Өмнө нь би хумс хуруугаа янзласангүй, нүүрээ угаасангүй, паарга паарга гэчихээд эрэгтэй хүн шиг энд тэнд гишгэж явлаа, айлгүйтэн ирмэж сур, эмэгтэйлэг ганган хувцасла гээд л шүүмжлүүлдэг байсан бол өчигдөр нэмэгдээд том хар цүнх, Пужкарева стилийн нүдний шил байлаа ....
      Хэлээд хүний үг авдаггүй надад арга хэмжээ авч ойрын хугацаанд “мисс” болгох мэргэжлийн баг ажиллах гэнээ хэхэ. Ингээд хүний үг авдаггүй Оогийноог усанд булхуулж, үсийг нь хайчилж, нүүрийг нь будаж, хувцасыг нь сонгон өмсгөх төлөвлөгөө бичлээ. Багийн ажлын үр дүн, төлөвлөгөөний биелэлт надаар илрэх тул хэрэв би татгалзвал анд нөхөрлөлийн ариун тангаргыг таслана шүү гэж хүртэл заналхийлэв. Найз охидууд маань “Бурханы бүтээлд ч завсар хэрэгтэй байдгийм Оогий минь. Эмэгтэй хүн гэдэг чинь ном шагайж суухаас илүүтэй эрчүүдийг өмнөө сөхрүүлж сайхан бүхнээрээ олзолж ховсдож амьдрах хэрэгтэй” гэж уулзах болгондоо сургана. Өнөөх нь аймаар дуулгавартай л даа ганц авах юм нь. “Засвар” хийх завдал өгөлгүй шууд л “эмэгтэйжих” гэдэг сайн сурагч байгаам хэхэ.
      Уг ч сайхан эмэгтэй болохоос татгалзаад байх юу байхав. Даанч нөгөө Оогий нь “сахил санваар” дагаж мэддэггүй хачин хөлдүү нөхөр. Найзуудтайгаа уулзсаны маргааш нь исгэрээд л нүүрээ цэвэрлээд, будаж шунхдаад, гангалаж хээнцэрхээд, хавь ойрын болгон руу айлгүйтэж ирмээд гарч өгнө. Тэгээд маргаашнаас нь мартаж эхлэнэ. Мартахаас уртаад мангар залхуу. Хумсаа янзлах, нүүрээ угаах, үсээ самнахдаа хүртэл залхуурч байгаа юм чинь. Дэлгүүр хэсэж хувцас сонгохын тухайд бүр санаад ч хэрэггүй. Дэлгүүр хэсэх нь хамгийн дургуй ажил. Лангуу бүрийн өмнө ангайж, гялтайж зогсох бүр ч дургуй. Нүцгэн гүйхгүйн тулд улиралд ганц удаа дэлгүүр орохоороо захын лангуунаас харсан хувцасаа аваад гараад өгнө. Найз охидуудын маань хэлдэгээр “өөрийгөө хүндэлдэг эмэгтэй хүн нэг хувцасыг 2-ээс дээш жил өмсөх ёсгүй гэсэн”. Өөө мэдэхгүй ... Би лав хайртай хувцасаа өмсөөд л, өмсөөд л байна.
      Шаал худлаа. Дэлгүүр хэсэхээс залхуурах, хувцас авах мөнгөө нарийлж байгаагаа “би энэ хувцсандаа хайртай” гэдгээр далдалж байгаа хэрэг л дээ.
      Эмэгтэй хүнтэй “төстэй” байгаач Оогий минь гэж захирал нь хүртэл сануулж байсан удаатай. Засал аваагүй л явна. Одоо хүртэл.
      Одоо яаана даа яана. Хүмүүс намайг “эмэгтэйжүүлэх” төсөл, төлөвлөгөө бичээд байдаг. Надад тэр нь нэг л ядаргаатай санагдаад байх юм. Найзуудынхаа сэтгэлийг ойлгоод байгаа боловч яршиг би тэдэн шиг “мисс” болж “мистер”-тэй суутлаа наян жил гэж бодох юм.
      Гоо бүсгүй болоход аймаар их мөнгө, аймаар их цаг хэрэгтэй. Гутал, туфль заавал цүнхтэйгээ зохицох ёстой мэдэхгүй ээ мэдэхгүй ёстой ойлгохоос ч толгой өвдөж, тооны машины гарцмаар. Ванны усанд хөөс, цэцэг, давс, өөр юу ч билээ .... тэгсэнээ долоо хоногт нэг удаа гоо сайханд орж иллэг хийлгэж хумсаа янзлуулах, бүтэн хагас сайнд миний “домбороо” стилийг өөрчлөхөөр дэлгүүр орж хувцас сонгож өгнө гэсэн .... Пөөөх
      Яаая даа байз. Би “эмэгтэй хүн” болмооргүй байна гээд хэлчихдэгийн бил үү.
Найзуудын минь намайг “эмэгтэй хүн” болгох гээд байгаа шалтгаан нь?. Бусдад таалагдах гэж үү, өөртөө таалагдах гэж үү. Өөртөө таалагдахын тухайд би өөртөө лав сэтгэл хангалуун байдаг. Тэгвэл ганган хээнцэр, гангар шаазанд дуртай хүмүүст таалагдах гэж үү.
      Үгүй ээ. Намайг байгаагаар минь хүлээн авч хайрласан, хайрладаг хүмүүс бий. Тэдэндээ сайхан байхад л болоо ... Ер нь ийм дүгнэлтэнд хүрлээ. Төсөл, төлөвлөгөө ч будооо ... Яахавэээ миний найзуудын төлөвлөгөө угаасаа үе үе ингэж нуралтанд ордог юм. Даанч тэд маань гандан буурахгүй төсөл боловсруулаад л явдагийм доо.

Хүүхдүүддээ барих бэлэг
" Ирээдүйн ган үзэгтэн"
хүүхдийн зохион бичлэгийн уралдаан




1. Үндэслэл: Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж хүүхдүүдийн чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх, бүтээлч санаачлага өрнүүлэх, бодол саналаа чөлөөтэй илэрхийлэх боломж олгох үүднээс энэхүү уралдааныг зохиож байна.
    Уралдаан гадаад, дотоодод амьдарч буй бүх монгол хүүхдэд нээлттэй ба бидний ирээдүй хойч үеийнхэн юу бодож сэтгэж, юунд санаа зовж, юуг хүсч мөрөөдөж, ямар төвшинд чөлөөтэй сэтгэж чадаж буйг харуулах, тэднийг нээх, сурталчлах, дэмжих нь энэхүү уралдааны гол үндэслэл болно.


2. Зорилго: Амьдарч буй нийгмээ хүүхдийн нүдээр харах, хүүхдийн хүсэл мөрөөдлийг сонссоноор өнөөгийн амьдралд үнэн зөв үнэлэлт дүгнэлт өгч тодорхойлох, улс орны хөгжил, сайн сайхан ирээдүйг цогцлооход өсвөр үе, хүүхдүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэднийг урамшуулахад оршино.


"Хүүхдүүддээ барих бэлэг" цааш унших »
Аз жаргал
Өнгөрсөн жилийн үнэхээр аз жаргалтай байж билээ. Гэр бүлийхэнтэйгээ сар гаруй Архангай, Өвөрхангайн үзэсгэлэнт байгалиар аялаж Хөвсгөл нуурын эрэг дээр хоёр майхнаа зоон хэдэн өдөр болсон минь санаанаас ердөө гардаггүй юм. Бодох тусам Хөвсгөл нуурын гүн цэнхэр мандал, асгаран буух борооны дуслаар буржигнах нуурын мандал, амгалан хөвөх усны шувууд, зөөлөн хөрс гээд л ....


Сэтгэл зүрх тэр чигтээ амар амгалан. Хамгийн ойр дотны хүмүүс маань бүгдээрээ хамт байсан болохоор хотын амьдралд яарч зүтгэх нь үгүй.


Өглөө эртээ сэрчихээд майхныхаа завсараар нуурын мандал хараалан хэвтэх тун сайхан.


Тааваараа хүссэн газраа буудаллан, тогоогоо тавиад хоолоо хийгээд идчихнэ.
Хийн зуух гэх авч би түүнийг төдийлөн таашаадаггүй. Түүний оронд дүү нартайгаа мод, аргал түүгээд нүдээ хорстол үлээж гал асаан тулгын гурван чулуун задгай гал дээр хоол цайгаа бургилан буцалгаад идэх сайхан.

Хээрийн гэр. Хоёр майхан. Гал тавиагүй шүү. Шумуул хөөж байгаам хэхэ. Ер нь тэгээд багачуултайгаа аялалаар явахад наад зах нь чихрийн ганц цаас байсан ч машиныхаа хогийн уутанд хийж, түүдэг тавьсан ч ойр орчимоо сайтар харж гал алдахгүй байхыг бодох хэрэгтэй гэдгийг анхааруулж байх нь зүйтэй. Аялалаар яваад байхаар дүү нар маань ч гэсэн байгальтайгаа зөв харьцаад сурчихдаг юм. Ганц шүдэнзний модыг ч тоомсоргүй хаяхгүй байх гэдгийг ойлгож байна гэдэг чухал.



Хээрийн хүмүүст хээ байх биш дээ. Аян зам нийлсэн хүмүүстэйгээ нэг үдшийг өнгөрөөж, яриа үүсгэн галын наадам хийж шоудаад л. Их сургуулиа төгсөөд ажилд орохоосоо өмнө Азийн орнуудаар аялаж байгаа гэх эдгээр Франц залуучуудтай хоёр өдөр нэг газар буудаллан түүдэг гал тойрон суугаад дуу дуулж, бүжиг хийн, ярилцаж өнгөрөөсөн.
Хоёр хоногийн дотор багагүй найзууд болж чадсан шүү.


Ингэхэд Монголчууд маань шүд, нүүр гараа угаахдаа голын усанд шууд угаачихдаг. Бас л буруу мэт. Хөвсгөлийн эрэг дээр байхад эдгээр залуучууд жижиг шилэнд ус хийж аваад нуурын эргээс холоо очоод угаагаад байсан. Их зөв санагдаж байсан шүү. Ганцаас, жижигээс бүх зүйл эхлэнэ.


Хамгийн их таалагдсан газар Төвхөн хийд: Уулын тагтан дээр барьсан хийд. Ирээдүйд нээх сайхан амьдрал "зохиохдоо" хэхэ хүүхдүүдээ дагуулаад Монголынхоо үзэсгэлэнт газраар зун бүр аялал хийнэ. Дараа нь өөрсдөө чадлаараа олон улсуудаар явж үзнэ биз. Эхлээд эх орныхоо сайхныг мэдэрсэний дараа явбал гадны хүний өмнө хэлэх үгтэй, жиших юмтай бахархах зүйлтэй байх байх л даа гэж бодоод байгаам.

Энэ жил ч мөн хамаг юмаа ачиж аваад гараад өгнө дөө. Би тогоо шанага, түмпэн саваа хачигнуулаад, хөнжил гудсаа бөөгнүүлээд л ... Зураг буулгагчаа ташаандаа, жижиг дэвтэрээ өвөртөө, үзэг харандаагаа чихнийхээ ард хийгээд л гарах ч үнэхээр сайхан шүү

Эргээд бодоход бие биенээ ойлгох, хамгийн үнэтэй нандин эрхэм зүйлс болох гэр бүлээ хайрлах сэтгэл аялалын өдрүүдэд улам батжидаг мэт. Эцсийн эцэст миний хийж, бодож байгаа бүхэн гэр бүлийнхээ сайн сайхны төлөө л байдгаас хойш. Сайхан бүхнийг дэргэдээсээ, ойрхоноосоо мэдэрч амьдрах нь утга учиртай.

Намайг хүлээж байгаа тэр харийн дүр зургийг хүлээн зөвшөөрч нэг л чадахгүй юм. Би гэрээсээ явбал аймаар уйланхай, улам уярамтгай, гэгэлзүүр болчих байх даа.
Яагаад гэдгийг чи хэлээч



Яагаад гэдгийг чи хэлээч
Шинэхэн юм шиг сэтгэл ингэж догдолдогийг
Яагаад гэдгийг надад хэлээч
Хөнгөн баяслаар сэтгэлээ сэргээж
Зөөлөн мөрөөдөж, далдуурхан гунигладагийг
Сэтгэлийн гүндээ нууцхан үгүйлэн хайрлах
Мөрөөдөмтгий бяцхан оч
Хөгжилтэйгээр бадамлан асдагийг
Тоомжиргүй эрхэмсэг, эрэмгий харцанд
Бэргэн хөөрч ичингүйрдэгийг
Яагаад гэдгийг надад хэлээч

Мөнгө олохгүй ч (гэртээ би хамгийн бага орлоготой болохоор намайг гэрийхэн маань мөнгө олдоггүй хэрнээ хамгийн их ажилтай хүн гээд байгаам, хийж буй үйлдэл бүрээ мөнгөөр үнэлүүлдэг хүмүүст хийж байгаа бүхэн минь ихэд ойлгомжгүй гэдэгтэй санал нэгдэнэ л дээ ХЭХЭ) ажил ихтэй, нойр багатай ч өглөө бүр хөшигний чөлөөнөөр зуравсхан шагайвчилах нараар үнсүүлж, дулаахан анхилуун хөнжилдөө тэврүүлэн сэрэх юутай сайхан, юутай жаргалтай.

Нүүрээ хүйтэн усаар нэг шүршээд, урьд өдөр нь бэлдсэн хувцасаа хальт мулт шургуулж аваад чихэндээ хөгжим дуугарган баруун мөрөндөө ноутбүүкээ үүрээд, зүүн гартаа цүнхээ бариад дүүгийн машинд амжиж сууна хотын төвийг бараадна.

Хотын төвд амьдрал ориголон, бориглоно. Энэ долоо хоногийн Даваа, Мягмар, Лхагва гаригууд дүрэм журамд барьцаалагдан, албаны хувцсанд цус багтран боогдсон өдрүүд байлаа. Төр түшилцэж байгаа багагүй өндөр албан тушаалтантай уулзахаар цаг тохирсон тул тухайн хүнээ хүндэтгэж албаны цэвэр хувцаслах ёстой байлаа. Өндөрдүү өсгийт, хар юбка, захтай цамц эсвэл пиджак .........

Өчигдөр бол тэс ондоо. Өмд, намхан гутал. Жинхэнэ эрх чөлөө. Өдөржингөө оффислон хөмсгөө атруулан тачигнуулж байгаад оройхон шиг цүнхээ үүрээд удахгүй их хувь заяаг шийдэх хуваарьт ажлаа бодон нэгэн байгууллагыг зорьлоо.
Өөртөө амар чөлөөтэй хувцасласан тул зорьсон газраа хүртэл алхахаар шийдэв. Гадаа орчлонгийн тоосыг хотын сул хогтой туусан ууртай салхитай байсан ч мөрөөдөлдөө хөвөн хөгжим сонсон алхах сайхан байлаа.

Тэр нэгэн явдалаас хойш хэн нэгэнд яг түүнд татагдаж байсан шиг тэмүүлэхгүй байх гэж бодож байсан минь үгүй юм болов уу. Яг шинэхэн юм шиг хэн нэгэнд сэтгэл минь цагаахнаар, хариу хүсэлгүйгээр татагдаад байх шиг. Зүрхэний далд нууцхан бадамлах бяцхан оч хөлийг минь улам хөнгөрүүлж үүлнээс үүл дамжин нисэн буун яваад л ....
Биений ил далд нүх сүв бүхэнд хумхын тоос нэвчин бөглөх авч хүзүүний нимгэн алчуурт шингээсэн тансаг үнэр, өөрийн минь үнэртэй холилдон сэнгэнэх нь нэг л таатай мэдрэмж. Өөртөө дурлаад ч байх шиг ...
Хаврын хахирган шороотой хуурай салхи, хотын бачим ууртай машины дуут дохио, ар араасаа давран давхацах их ажил, хүмүүсийн уур бухимдал юу ч миний хөнгөн аз жаргал, нууцхан бадамлах дурлалын очыг унтрааж чадахгүй бололтой.
Ажил ихтэй байхад ....... хэхэ
Даанч тэр мэдэхгүй, анзаарахгүй ч үгүй, би ч мэдэгдэхийг үл хүснэ.
Азаар тэр миний блогийг мэдэхгүй юм даа.

Төсөөлөл төдий мөрөөдөл бодитоор эхлэхийн цагт ...

/Зургийг найз Жефийн фото хуудаснаас оруулав/
Сэтгэл үнэртсэн Бямба гарагууд

Би Бадамлянхуад бусдын сайхан сэтгэл үнэртсэн олон Бямба гарагуудыг өнгөрөөлөө. Нэг зүгт тэмүүлэх хүсэл зорилго нь, цаг хугацаа орон зайг хумин Уянга, Юки, Обод биднийг ойртуулан нөхөрлүүлж байгаа билээ. Энэ бол Монгол хүүхдийн төлөө гэсэн сэтгэл.

Уянга маань Японд сурахын хажуугаар Монголхүүхэд сайтынхаа админыг хийж, Обод маань хувийн амьдралаа умартан хөдөө орон нутгаар явж хүүхдийн асуудлаар олон төрлийн судалгаа хийж, Юки маань хувийн хувьсгалын их ажлын хажуугаар Монгол хүүхдийн үндсэн зохион байгууллалтын ажлыг хийж байна.

Хаврын хувирамтгай тэнгэр маяг нь олдохгүй аяглаж Яармагийн сул шороог нүүр нүдгүй балбасан энэ Бямба гарагт Юки, Обод хоёртой Бадамлянхуаг зорьлоо.

Намайг бодоход Юки, Обод, Уянга гурав маань өөр өөрийн гэсэн үүрэг хариуцлага хүлээсэн, үстэй толгойноос их ажилтай улсууд.
Бямба гарагт л гэхэд надад Бадамлянхуа орохоос өөр онцын ажил үгүй байсан юм. Харин Юки маань охин, гэр бүлтэйгээ өнгөрөөх амралтынхаа өдрөөс хумслан хувийн ажлаа хойш тавьж, Обод Цэцээ Гүн рүү салхинд гарахаар төлөвлөсөн хамт олны ажлаас хойш ухран Яармагийг зорьсон юм.

Юки, Яармагийн хүнсний дэлгүүрээс хүүхэд бүрийн тоогоор ундаа, зөөлөн жигнэмэг авч, хүүхдүүдэд кино үзүүлэн сонирхуулахаар авсан нойтбүүкээ Ободод үүрүүлэн харин Обод хүүхдийн зурагнуудаа цүнхлэн явлаа.

Яг одоохондоо дүүгийн бяцхан зулзагад хичнээн хайртайгаа илэрхийлэн бичих үг олдоггүйтэй адилхан бусдын төлөө гаргаж байгаа найзуудынхаа сэтгэлийг тайлбарлан хүргэхэд миний бичиг эрдэмийн боловсрол багадан мохож байна.

Ямартай ч цаг минут нь өрсөлдөөн мөнгөөр хэмжигдэж өөрөө өөрийнхөө төлөө хүч гарган хөдөлмөрлөхийг шаардах энэ нийгэмд жаахан л зав гарвал гэр бүлдээ, жаахан л зав гарвал өөрөө өөртөө зориулахыг хэн бүхэн хүсэх нь дамжиггүй.
Гэтэл хамгаас үнэтэй цаг заваа бусдын төлөө зориулж байгаа эдгээр залуусын маань санал санаачлага сэтгэлийн угаас эх аван ундарч байгаа биш гэж үү. Энэ сэтгэл биш гэж үү.

Бусдыг бодвол нээх завтайдаа, бусдыг бодвол ажил амьдралаа гэдэггүйдээ, бусдыг бодвол хийх ажилгүйдээ тэд амралтынхаа өдрийг өөрийн биш хүний хүүхэдтэй өнгөрөөхөд зориулж байгаа юм гэж үү.
Хамгийн гол нь тэдэнд маань сэтгэл байдгийм. Энэ нийгмийн, энэ Монголын иргэн болсоныхоо үүрэг хариуцлагыг тэд хэнээс ч сайн мэдэрдэг мэт.

Монголын төлөө гэсэн сэтгэл, Монголын төлөө гэсэн зүрх Сүхбаатарын талбайд сүр бадруулан жагсаж, цагаан хоолойгоор уран цэцнээр бусдыг ятгах тэмцэгчийн халуун цусанд биш,
Монголын төлөө гэсэн сэтгэл, Монголын төлөө гэсэн зүрх парламентын зөөлөн суудалд хууль батлан суух хэрүүлч доруулч эрхэм гишүүний хурууны өндөгөөр дарагдах цахилгаан товчлуурт биш,
Монголын төлөө гэсэн сэтгэл, Монголын төлөө гэсэн зүрх өөрийнхөө эрх ашгийг өрөөл бусдынхаар арилжах эрхэм бизнесийн гарын үсэг болон дурайх үзэгний цэнхэр бэхэнд биш,

Харин тансаг машин унан хурдлах ялаа халтирам тослог халимагтай залуу тамхины үнсээ машины цонхоор гарган тоншихгүй байх,
Цөлжисөн хотын гудамжны байнга эргэлдэх хумхын тоосыг өдөржин шөнөжин шүүрдэн цэвэрлэх гудамжны цэвэрлэгчийн хөдөлмөрийг үнэлэх,
Хавар хаварт өөд өндийн бяцхан зулзган нялх ногоог гутлын улаар туучин гишгэхгүй байх
Жирийн нэгэн иргэний ухамсарт лугшидаг юм.

Зарим хүмүүс намайг дэндүү бичлээр сэтгэх юм гэдэг. Яахав дээ би энэ мэтээр бичлээр сэтгэхээс өөр юухан чадах билээ.

Толгойн өвчин царайд нь илт цонхийсоор байхад юу ч болоогүй юм шиг өөрийгөө хүчлэн бусдын тавь тух, хамт яваа нөхдийнхөө урмыг нь унтраачихгүйн тулд өөрийгөө албадан сайхан инээмсэглэх нь сэтгэл биш гэж үү. (Юкигийн толгойн өвдөнө бие нь тавьгүй байгаа нь үнэхээр мэдрэгдэж байсан.)

Бусдын төлөө явж байх зуур хувийн эрх ашиг, тав тухь, амар амгалан, аз жаргал хөндөгдөөд эхлэхээр ямар ч хүн уурлаж бухимдан, ингэж байх нь алба билүү гэмээн бодох нь бий.
Гэтэл тэр болгоныг үл тоон бусдын төлөө явж байгаа тэрхүү зүйлийг сэтгэл гэхгүй өөр юу гэхийн вэ.

Зарим хүмүүсийнхээр өөрийнхөө асуудлыг зохицуулж чадахгүй байж бусдыг өөд нь татах нь байж боломгүй хэрэг гэдэг. Гэтэл хүн болгонд асуудал байдаг ч өөрийнхөө асуудлыг ч зохицуулж чадахгүй, өрөөл бусдад ч цаг зарцуулж чадахгүй явах нь сайн хэрэг үү.

Төсөөлөл төдий мөрөөдөл бодитоор эхлэхийн цагт


“Та төсөөлөөд үз дээ”
гэдэг бичлэг маань тухайн үед төсөөлөл төдий мөрөөдөл байлаа. Харин өнөөдөр төсөөлөл төдийхөн мөрөөдөл маань бодитоор хэрэгжих суурь нь тавигдсан байгаад сэтгэл үнэхээр хангалуун байдаг юм шүү.

Хүслээр жигүүрлэсэн Обод, Юки хоёр маань Монголхүүхдийн хамгийн идэвхитэй, чадвартай, сэтгэлтэй, сайхан залуус.

Ганцаараа хэнбугай ч хэн ч биш. Онлайнаар дамжуулан олон олон залуучууд нэгдэн нягтрах эхлэл аажим аажмаар тавигдсаар байгаад туйлын сэтгэл хангалуун явна.
Төсөөлөл төдий мөрөөдөл өнөөдөр монголхүүхэд сайтаар биежиж, гадаад дотоодын олон залуучуудыг эгнээндээ нэгтгэж байгаа.

Монгол хүүхдийн төлөө гэсэн ажлыг бодит болгочих гээд бид дор бүрнээ л нэгийг бодож толгойгоо гашилгаж байгаа.

Бид Монголдоо, Монголынхоо хүүхдүүдийн төлөө чадах чинээгээр л алив сайхан зүйлийг хийхийг хүссэн эзэмшсэн мэргэжлээрээ өөр өөр салбарт хүч үзэн яваа энгийн нэгэн л залуус.

Монголхүүхэд сайтаа ганцхан Бадамлянхуа асрах газарт өнгөрөөсөн өдрүүдийн тухай бичлэгээр биш бодитоор хийж бүтээж байгаа ажлынхаа талаар баяжуулахаар зорьж байгаа.

Юу хийх хэрэгтэй вэ?

Хамгийн түрүүнд бид нэгдсэн зохион байгуулалтанд орох нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа. Биднийг зохион байгуулалтанд оруулж, нэгэн дээвэр дор нэгтгэх хэлбэр нь ТББ гэж үзсэн.
Харин Уянгаас ТББ-ын нэр хүнд унасан, хүүхдийн зовлонгоор, хүүхдийн нэрээр бизнес хийдэг нь дийлэнхи тийм ч учраас бидний үйл хэргийг бусад буруугаар ойлгуулна. Иймээс дэмий гэсэн саналтай байсан бол миний бие хийж байгаа үйл хэрэг биднийг бизнесийн чиглэлгүй гэдгийг нотлоно гэдэг байр суурьтай байлаа.

Гэсэн хэдий ч яг бодит байдал дээр ТББ- ийн нэр хүнд үнэхээр олны дунд унасан яг барин тавин ажлаа эхлээгүй энэ нөхцөлд биднийг анхан харьцаж байгаа хүмүүст буруу ойлгуулах нь их юм байна гэдгийг багагүй хүмүүстэй уулзсаны дараа мэдэрсэн.

Иймээс бид зохион байгуулалтын өөр хэлбэр сонгохоор шийдлээ.
Үүний тулд Уянга, Обод, Юки гэх мэт монголхүүхдийн гишүүд үйл ажиллагаа, зорилго чиглэлийн төлөвлөгөөг нарийн боловсруулж гаргахаар дор бүрнээ ажиллаж байна.
Хамгийн гол нь бидний хийх ажил нь бусдад загас өгөх биш загас барих аргыг заах, улмаар хийж бүтээж байгаа ажлаараа аливааг хийхэд заавал мөнгөтэй баян байх, эрх мэдэлтэй байх албагүй хийгээд бүхнийг бусдын гар харалгүй өөрсдийн нөөц бололцоогоор хийх гэсэн үндсэн санаанд дээр зангилагдаж байгаа билээ.

Гишүүдийн төлөвлөгөөг нэгтгэж монголхүүхэд цахим хуудсан дээр тавих бөгөөд үүнийг уншиж байгаа та ч мөн өөрийн саналыг нээлттэй бидэнд илгээж болно.

Гажуудал


Хүүхдийн төлөө ийм юм хийх юмсан, ингэх юмсан гээд яриад эхлэхээр ихэнхи хүмүүс улс төр хийх гэж байна уу, та нарын ард ямар нам байгаа вэ гэх мэт хардах сэрдэх, зарим нэг бизнес сэтгэлгээтэй хүмүүс нь ингээд тэгвэл тэдийг халааслана гэх зэргээр л залж гарах юм.

Мэдээж хүн хоолоо олж идэн, гэдсээ бордох, олонд танигдаж нэр алдартай болох хүсэл нь нүүрэн дээр ил биш ч далдын далд хадгалагдан байдаг л байх.
Гэхдээ бизнес хийж болдоггүй, улс төржүүлж болдоггүй, нэр төрийн шагналыг хүртэх гэж гар хөлийн хөдөлгөөн бүрээ тооцож үл болох ариун зүйл гэж бас байдаг шүү дээ.
Энэ бол хүүхэд, хүүхдийн төлөө гэсэн үйл хэрэг.

Ёстой яаахаа мэдэхээ байчихийн

Би нэг хүнийг харахаараа ёстой яаахаа мэдэхээ байчихийн. Харангуут л өндөр хүчдэлийн цахилгаанд цохиулж байгаа мэт газар дээрээ нам тээглэж, хамаг байдаг бие салганаж чичрээд, хоолой ам өөрийн эрхгүй нялхарч уясаад, үнсэхэд ч хүртэл багадмаар санагдаад бүр байтлай хазаад авбал л хамаг хүсэл биелэх гээд … ядаж байхад хазаж болохгүй болохоор бүр хэцүүү мооо.

Хараад л хайр хүрнэ, хайр хүрсэний дараа шууд "террорист" сэтгэлгээ сэдэрч шүд ам хавираад, шүлс савираад байхынмаа. Яаахаараа ийм хайр байдаг байнаа.
 

Өмнө нь би хэнд ч ингэж хартайгаар, бүр "террорист" хандлагаар хайртай, дуртай болж байгаагүйм байна.

Харвал л хамаг ядаргаа арилчих шиг санагдаад үнсээд л үнсээд л үнэрлээд л үнэрлээд л байхыг хүснэ. Орой болгон тэврээд хамт унтах гэхээр даанч намайг "мөөмгүй” гээд тоохгүй юм.


Хайртай дүүгийн маань хүүхэд гараад одоо яг 8н сар болж байна. Миний ганц шүтээн, "Бурхан", … Зулзагаа харахаар л аль байдаг сайн сайхан, ховрын үг дуусаад байхын.

Одоо ёстой муухай дээрээ байгаа. Нээх том нүдээрээ над руу цоо ширтэнэ. Харсан болгоноо авч ам руугаа хийн орчлон ертөнцийг амаараа танин мэдэж байгаа гэгээхэн зулзага манайд байгаа.

Дүү маань эхнэрээ жирэмсэн байхад "Охин гараасай. Тэгвэл ганц эгч минь маш их баярлана" гэж байнга хэлдэг байсан гэдгийг сүүлд бэрээсээ сонсоод дүүгээ хараад улам хайр хүрээд байж билээ. Харин ч миний хөөрхөн дүү азтай, ууган хүүхэд нь голомт залгах нуган үр төрсөнд нь би маш их баяртай байгаа. Эрэгтэй, эмэгтэй ялгаа юу байхав дээ. Тэр сайхан “бурхад” чинь.
 

Баяр баясгалан, инээд хөөр бэлэглэгч. Зулзагын маань тонтгор аав нь наддаа л жаахан дүү минь хэвээрээ. Наддаа жаахан зулзага маань өөрөө бас зулзагатай. Хөөрхөн байгаа биз. Зулзага нь янз бүрийн ид шид үзүүлбэл "Оогий эгчээ хардаа. Сууж байна, инээж байна, баачихлаа, шээчихлээ" гээд юм болгоныг нь бид онц сонирхолтой кино, ший үзэж байгаа юм шиг харж баярлана хөөрч, өхөөрдөнө.
 

Нэг л мэдэхэд хоёр шүд, нөгөө мэдэхэд дөрвөн шүд. Одоо бүр зургаан шүдтэй гээд боддоо.

Миний муу алаг зулзага хөдөлгөөн гэж айхтар. Аав нь нэг хөлд оруулагч авч өгсөн чинь одоо тэрүүгээрээ хоёр өрөө, галын өрөөний хооронд Шумахир шиг л жолоодон давхина гээч.

Хөгширөөд тэгээд ч байгаа юм уу. Өмнө нь ингэж их хүн хайрлаж байснаа санахгүй л юм. Би гэртээ хамгийн чанга дуутай, орилоо хүн. Зулзагаа хараад л хэлэх байх үгээ олж ядан орилж гарна. Зулзага маань намайг хараад үгийг маань ойлгоод байгаам шиг байгаан. Гараа дэвээд л, толгойгоо сэгсрээд л, нүд нь гэрэлтээд л янз бүрийн авиа гаргаад миний урдаас орилж гарна. Сүүлдээ ховрын сайхан үгс дуусаад урдаас нь би бас зулзагынхаа авиагаар ярьж гарна. Орилж орилж байснаа хөгшин, залуу хоёрын хоолой хатаад нэг нь аяга ёроолдон, нөгөөх нь ээжийнхээ мөөмийг үмхээд авна.

Сая манай бэр "таныг байхгүй болохоор Идэрээ таг гайхширалын байдалтай болчихийн." гэж байгаам. Чанга яригч нь байхгүй болчихоор зулзага маань хэсэгтээ л "шоконд" орчихдог юм шиг байгаан.

Би муухай зулзагадаа гурван настай болохоор нь цав цагаан төгөлдөр хуур авч өгнө гээд амалчихсан. Хүнд авч өгөхөөр амласан ганц том бэлэг маань тэр.

Манайх чинь адуу шиг тачигнатал давхидаг харчуудтай. Хамгийн багад тооцогдож нэг хэсэг "од" болдог байсан 2-р ангийн үеэл ах нь хөлбөмбөгийн улаан панат. Хэн хэн ч гэнээ бүх хөлбөмбөгчдийг нээх урт бүтэн нэр, удам судар түүх намтар, амжилт бүтээлтэй нь цээжилээд тархи нь бүхлээрээ архив болсон нэг "хархүү” байгаам. Жижигхэн үеэл ах нь Бямба, Нямынхаа амралтаа тэсэн ядан хүлээж манайд ирэхээрээ, 8н сартай дүүдээ хөлбөмбөг ярьж өгөөд одооноос багтаа элсүүлнэ барина гээд байгаа. Тэгэхээр миний төгөлдөр хуурыг дарж суухнуу үгүй уу мэдэхгүй ээ хэхэ.

Хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай … Дуусахгүй ээээээ  

Санаачлага гаргахад нас багадахгүй
Оршил. Хэрэв таньд хэн нэгэнд туслах санаа байвч надад мөнгө алга, надад эрх мэдэл, албан тушаалын боломж бололцоо алга эсвэл цаг нь арай болоогүй байна гэсэн бодлоор туслалцаа хэрэгтэй байгаа нэгэнд гар сунгахаас татгалзсаар ирсэн үү. Магадгүй энэ асуулт надад ч бас хамаатай байх. Баавар гуай “Чи хоёр ээлжийн солих оймстой байж нэгийгээ бусдад илүүчилэх нь жинхэнэ утгаараа хүнд ч, өөртөө ч туслаж байгаа хэрэг” гэж хэлж байсныг би ердөө мартагдаггүй юм. Энэ үгийг хүлээн авсанаас хойш өнөөдрийг хүртэл би солих ээлжийн оймстой болох гэж өглөөнөөс орой хүртэл ажиллаж, бусдад ч дорвитойхон шиг туслаж чадахгүй байх энэ үед, цаг хугацаатай зэрэгцэн миний хэрэгцээ ч нэмэгдэж өөрийн хэрэгцээг гүйцэн түрүүлж, хүсэл шуналаа дараж гүйцэлдүүлэх гэсээр байтал нас маань харавсан сум адил шунигнан, би гэдэг хүн нэг мэдэхэд Ганданд суврага гороолж, хүрд эргүүлэн, будаа цацахаас хэтрэхгүй буянтан болж, бусдад туслах гээч зүйлийг санаж, бодож зүүдлэн мөрөөдсөөр л таяг тулсан эмгэн болох бололтой догоо.
Магадгүй Баавар гуайн хэлсэн тэр үг “чи өөрийнхөө чадах хэмжээнд хэрэгтэй хүнд нь туслаж чаддаг байх ёстой ч” гэсэн байж болох гэдгийг мунхаг би бээр хожмын идэр насандаа дүү нарынхаа хийсэн үйл хэргийг харж ойлгон бодож суунам.

Эхлэл. Ямар ч юм багаас л эхлэдэг. Тиймээс, санаа төвдөлгүй эхлүүлэх л хэрэгтэй. Монгол хүүхдийн төлөө гэсэн бидний уриалгын хүрээнд өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Б.Бат-Эрдэнэ, Б.Батбаатар тэргүүтэй Нисэхийн 7-р сургуулийн 11-р ангийн сурагчид, Бадамлянхуа хүүхдийн асрах төвийн дүү нартаа сэтгэлийн дэм өгч, туслалцаа үзүүлсэн юм.

МОНГОЛ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ БИД ӨӨРСДӨӨ гэх энэ уриа нь Монголчуудынхаа ирээдүй болсон хүүхэд багачуудын хувь заяаг “тэд л бололцоотой, тэд л хөрөнгөтөй” учраас туслаж байгаа юм хэмээн гадаадыханд даатган орхиж өөрөөсөө зайлуулдаг томчуудын алдаатай занг арилгаж, эрхлэж туньдаг хүүхэд насаа энэ дэлхийд мэндлэхдээ л гээж, амьдрал өөрөө хүнд бэрх гэж бодож яваа үе тэнгийн найз нартаа хүүхдүүд маань өөрсдөө санаачлага гарган туслахад нь түүнчлэн, бие биенээ дэмжин хамтын хүчээр хийж бүтээдэг хандлагыг нийгэмд төлөвшүүлэхэд чиглэгдэж байгаа билээ. Энэ бүгдийн үр дүнд эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж чадах хүнлэг энэрэнгүй иргэн болж төлөвшин, хамгийн гол нь тэд маань нийгмийн хамгийн жижиг боловч хамгийн үнэтэй хэсэг болох аз жаргалтай гэр бүлийн сайн аав, сайн ээж болон хүмүүжээсэй гэж хүсэж байгаа юм.

Үнэндээ л Монголчууд бид ... шинэ үеийн залуучууд бид ядарсан нэгэндээ нэг нүдээ даран хандаж, алсаас ажигладаг зангаа гээн дунд нь ороод холилддог, дунд нь ороод алдааг нь засаж залруулдаг, болохгүйг нь зааж сургадаг, ирээдүйгээ бид өөрөө өөрөөсдөө бүтээхэд идэвхитэй гар бие оролцож чаддаг бил үү.

Гадныхны гарт өсөн торниж байгаа хүүхэд монголчууд бие биенээ гэдэггүй гэсэн сэтгэлээр хүмүүжиж, элэг нэгт ахан дүүсдээ гоморхоод элэг буруулсан Монгол хүн болон хүмүүжээсэй гэж та хүсэхгүй байгаа биз дээ. Үнэндээ, бидний сэтгэл гаргаагүйд гар сунгаж, гудамжины нойтон хүйтэн цементэн дээр цаас дэвсэн унтаж байсан хүүхдүүдийг өргөн авч асран халамжилж байгаа гадны сайхан сэтгэлтэй хүмүүсийг буруушаах гэсэнгүй ээ. Хамгийн гол нь сэтгэл байхад бүгдийг байгаагүйгээс эхлүүлж чаддаг, эхлүүлсэн ажлынхаа эцсийг үзэж чаддаг, сэтгэл байхад бүгдийг бүтээж чаддаг гэдгийг тэд эх оронд минь ирээд бидний нүдэн дээр хийж бүтээж харуулж чадаад байхад бид өдөр бүрийнхээ нормын жижигхэн ажилдаа түүртээд, өөртөө ч өрөөлд ч цаг, сэтгэл гаргаж чадахгүй шар нар, бор хоногийг өнгөрөөн амьдарч байгаа нь хөөрхийлэлттэй санагдаж байна. Иймээс ирээдүйгээ гэсэн Монгол хүн таньд ч гэсэн тийм нэгэн сайхан сэтгэл байхгүй болсон гэдэгт бид итгэхгүй байна.

Энэ буруу сэтгэхүйг бид өөрчлөхгүй бол хэнийг өөрчил гээд ирээдүйгээ лонхтой шар аргатай хамт гударч мансууран, ирээдүйгээ тамхины иштэйгээ халмагхан шүлстэйгээ холин газар руу нулиман дэвслэчихээд амаараа дүүрэн Англи үг урсгаад “гэгээрээд” яваам вэ.

Бид таны найзуудтайгаа жарган зугаацах шар айрагны мөнгөнөөс хумслахаар гуйсангүй, бид таны залуу насны ааганд өнгө эрээлсэн тансаг хүүхний гуя илж тавлан суух цагнаас хороож жаргахын эрхийг хязгаарлая гэсэнгүй, бид таны гэрт орж хүүхдүүддээ хийж өгсөн аяга хоолноос нэг халбага хоол гувшихгүй ээ.

Зүгээр л таниас тархиндаа бидний санаачлагыг жаалхан тунгааж, өөрөө цаашид юу хийж чадахаа бодон, бидэнд хэлээч, бие биенээ дэмжээд хамтдаа ирээдүйгээ бүтээлцье гэж хэлэх гэсэн юм.

Тэгээд ч бид өнөөдөр өөрсдөө ойлгож ухаарч чадахгүй гэвээс дүү нараасаа суралцах хэрэгтэй юм байна гэж бодон дүү нарынхаа хийсэн сайхан үйлсийн талаар хүргэе.

Сэтгэл байвал халаасандаа 200 төгрөгтэй байхад л хангалттай. Аав ээжээсээ унааны мөнгө авдаг тэд маань, сургуулийнхаа хүүхдүүдийн дунд “ХУУЧИН Ч ГЭСЭН ЦЭВЭРХЭН ХУВЦАСАА ДҮҮ НАРТАЙ, НАЙЗУУДДАА БЭЛЭГЛЭЕ” гэсэн уриаг гарган долоо хоногийн аян өрнүүлжээ.
Тэдний энэ хөдөлгөөний гол санаа нь заавал шинэ байх албагүй харин ч өөрийн хайртай хувцасаа цэмцгэр угаан, нямбайлан эвхээд найзууддаа өгөхөд чиглэж байсан.
Сайхан цэвэрлэж угаасан хувцасыг сайхан үгээр эвлэж өгөх нь, брендийн шинэ хувцасыг шидлэн өгсөнөөс хавьгүй дээр гэдгийг дүү нар маань биднээс урьтаж ойлгосон хэрэг.
Өөрөөр хэлбэл, ядарсан нэгэнд чи ядарсан болохоор миний хуучин хувцас өмсөж байгаан, чи ядарсан болохоор би чамд шинэ боловч надад илүүдсэн хувцасаа өгч байгаам гэсэн сэдэл төрүүлэхээр биш, би таньд өөрт байгаа зүйлээр туслахыг үнэн сэтгэлээс хүсэж байгаам шүү гэдгийг үйл хөдлөл, үг хэлээр ойлгуулахад оршиж байсан билээ.

Харин өнгөрсөн Лхагва гарагт дүү маань ирээд “Оогий эгчээ нэг хүүхэд уг нь хуучин хувцасаа өгөхийг маш их хүсэж байгаа боловч, Ээж нь дургуйцээд муусайн асрамжийн юмнуудад өгч байснаас шатаасан дээр гэж байна. Тэгэхгүй бол манай гэр орон, хүүхдүүдийн хийморь үхнэ гээд өгөхгүй байна гэнээ. Би тэр хүүхдэд юу гэж хэлэх вэ” гээд надаас зөвлөгөө авахыг хүслээ.

Би тэр хүүхдэд “ахын дүү баярлалаа. Ээж нь тэгэж хэлээд өгөхгүй бол яахав дээ. Гэхдээ ах нь чамайг тусласан гээд нэрийг чинь бичээд хүүхдүүдэд заавал хэлнээ” гээд явуулчих гэлээ.

Аливаа сайн, муу үйлийн үр бүхэн өөрийн сэтгэлээс үүдэлтэй байдаг билээ. Хэрэв хүн ямарваа нэгэн үйлийг хийхдээ муу муухай сэтгэлийг агуулан үйлдвэл хичнээн сайн үйл байсан ч тэр нь урвуугаар эргэх нь ойлгомжтой юм. Энэ утгаараа, хэрэв тэр ээжээс албадан байж хувцасыг нь авбал дараа нь холбоогүй ч гэсэн ямарваа нэгэн муу муухай хэрэг тохиовол муусайн асрамжийн юмнуудад хувцас өгсөнөөс боллоо гэж хар буун тэрнээсээ эс юм болох бизээ. Үнэн чанартаа асрамжийн юмнуудад хувцас төдийнхөн өгсөндөө биш, өөрийн муу бодлын сэдлээр хийгдсэн үйлийн үр болгон эргэн бууж байгаа нь тэр бизээ. Үнэндээ, цаг зуурын байдлаар, нийгмийн нэгэн салхинд бүдэрч зүдэрч яваа ядуу хүмүүст миний эргэн тойрны хүмүүс тусласанаар муудсан түүхийг би хувьдаа мэдэхгүй юм билээ.

Ая тал засан бялдуулчлахын тулд олон саяын байр байшин өгч тусласанаас, яг хэрэгцээтэй хүнд нь нүдээ олон ганц тэвэнгээр туслаж чадвал тэр хүний баярласан сэтгэл, цагаа олоогүй тусаас ирсэн баярлалаагаас мянга түм дахин арвижин буух нь лавтай.

Тэр ээжийг 11-р ангийн, өөрийнхөө хүүхдээс дутуу сэтгэж яваад нь харамсанаас гадна зөв бодолтой хүүгийнхээ сэтгэлд бүү хар буулгачихаасай гэж бодож байлаа. Магадгүй, өөрийн хүүхдийн сайн сайхны төлөө гэж мухар сүсэгт хэт итгэсэн эхийн сэтгэл гэж ойлгож болох авч, бусдыг хүмүүжүүлдэг бусдыг асран тэтгэдэг эх хүн алсыг харж аливааг харьцуулан шинжиж чаддаг, өөрийн үртэй адилхан хүүхдүүдийг гэх уужим сэтгэлтэй байх ёстой бус уу гэж би бээр мунхаглан тэр эхийн “сэтгэлийг” үл ойлгон буруушааж суулаа.

Дүү нарын маань зохион байгуулсан аяны дүнд, 4 том шуудай хувцас цугларч нөгөөдүүл маань хувцасаа машин олж, хүндхэн ачаандаа түүртсээр Бадамлянхуагийн хүүхдүүдэд аваачиж өгсөн юм. Бид дүү нартай туслаад машин гаргаж өгч болох байсан ч нэгэнт эхлүүлсэн ажлаа өөрсдөө өөрсдийн гараар эцсийг үзэж дуусгах хэрэгтэй гэж бодсон билээ. Бадамлянхуагийн хүүхдүүд ах нартай баярлалаа гээд бяцхан урлагийн тоглолт хийж үзүүлсэн нь тэднийг маань улам бүр хөөрөн баясаж өөрсдийн хийсэн ажлаараа бахархах сэтгэлийг төрүүлж чадсан байна лээ.








Ямартай ч дүү нар маань гадны эмэгтэй Монгол хүүхдийн төлөө ямар их зүйл хийж байгааг олж харан, тэр хүнээр бахархаж, цаашид бид өөрсдөө, өөрсдийнхөө төлөө ийм сайн сайхан үйл хийж яагаад болохгүй юм гэсэн бодолтойгоор өөр өөрсдийн хүссэн мэргэжлийг эзэмшээд ирээдүйдээ туслах ёстой юм байна гэдгийг ойлгож, улам ч ихээр шамдан суралцах урамыг авсан нь олзуурхан онцлууштай үр дүн байлаа.
Мэдээж, энэ ажлын үр дүнд САЙХАН ИРЭЭДҮЙНХЭЭ ГАРТ САЙХАН ИРЭЭДҮЙГЭЭ ДААТГАЖ ӨГӨХ.

Бас хүнд туслах сэтгэлд, бусдын төлөө гэсэн сэтгэлд нас багадахгүй, овоож оцойсон мөнгөтэй байх шаардлагагүйгээс гадна автобусны 200 төгрөг халаасанд нь байхад л болох юм байна гэдгийг дүү нар маань ойлгосон юм.
Энэ ажлыг зохион байгуулсан хайртай дүү Б.Бат-Эрдэнэ, найз нар нь болох Давгасүрэн, Батбаяр болон Б.Батбаатар нартаа чин сэтгэлийн гүнээс талархасанаа илэрхийлж элсэлтийн шалгалтандаа амжилттай оролцоосой гэж хүсье.

Та өөрийн шинэ санал санаачлагаа Монгол хүүхэд сайтан дээр тавина уу.
Урнаар урамдаж сурцгаая

4-р сарын 5-ны Бямба гарагийг өөрөөсөө ичиж, өрөөл бусдаар бахархаж өнгөрүүллээ. Монгол Мироку Айко өргөөнд Монголын Хүний Нөөцийн Академиас зохион байгуулсан “Оновчтой Презентаци” нэг өдрийн сургалтанд, тус Академийн захирал, залуухан авч шаливхан, бодож сэтгэж хийж бүтээж байгаагаараа сүүлийн үеийн хэлэлгээр үеийн нөхдөөс "тасарчихсан" Б.Энхболд ахын урилгаар суух зол завшаан миний биед олдсон билээ.

3 жилийн өмнө Интер Ном их дэлгүүрт Мартин Лютер Кингийн өдөрт зориулсан өдөрлөг дээр таарч Энхболдыг мэдэх болсон юм. Тэр цагаас хойш Энхболдтой ажил хэргийн холбоо тогтоосон бөгөөд Энхболд ахаас маш олон сайхан зүйлийг суралцаж, залуу хүний хүсэл мөрөөдлийн хүчээр бүтэж байгаа ажлуудыг нь мэдэрсээр явна.
Хэвлүүхэн яриатай, тун намбалаг, төлөв түвшин, үг яриа нь цэгцтэй байдал нь надад түүнийг дунд эргэм насны байх гэж бодогдуулсан учраас түүнийг би ахаа гэж авгайлсан. Харин сүүлд өөрөөс минь нэг ах гэдгийг мэдсэн авч хийж байгаа ажил хэрэг, гайхалтай хөдөлмөрч зан чанар, хүсэл сонирхолдоо үнэнч дайчин байдал, басхүү залуу хүнд баймгүй нийгмээ харах мэдрэмжийг нь биширэн хүндлэх сэтгэлээр түүнийг “ахаа” хэмээн авгайлсаар ирсэн билээ.

Хүний Нөөцийн Академийн захирал Б.Энхболд сургалт явуулж байгаа нь


“Оновчтой Презентаци” хэмээх энэ гайхалтай сургалт намайг яаж ичээсэн тухай одоо өгүүлэе. Би бол сэтгүүлч орчуулагч хүн. Багаас мөрөөдсөн энэхүү мэргэжилдээ гаршиж, гавьяа байгуулж амжаагүй ч ажил мэргэжлээ өөрийн болгочих юмсан гэсэн чин сэтгэлээр ажилчин ангийн эгнээнд бэдэрч яваа л нэгэн.

Үзэг цаас муухан шиг харшуулан, хурууныхаа хээг илээн байж компьютерийн товчлуур тогшиж үзсэн дуулсан, бодсон санасанаа цаасан дээр эрээчиж, хүнд ойлгомжтойхон шиг хүргэчих юмсан гэж явсаар өнөөдрийг хүрлээ. Ямартай ч, би үзэг цаас нийлүүлэн байж өөрийгөө бусдад ойлгуулахын дайтай байж болох ч хэл амаа эвлүүлэн ярихаараа илэрхийлэх гэсэн санааны шуудан болсон үгс маань эргүүлээд хоолойг минь боомлож, амьсгааг минь давчдуулан олны өмнө ув улаан алим болгох нь олонтой биш ч цөөнгүй удаа.

Олны өмнө гараад яриад эхлэхтэй зэрэгцэн цаасан дээр эрээчин дэс дарааллуулсан санаа минь нүдний өмнө улаан цайм байр байршилаа солин надаар тохуурхаж, эхлэл нь төгсгөлдөө, төгсгөл нь эхэндээ элийрч, харанхуй шөнө замгүй газраар гэрэлгүй машинтай хурдлан давхихтай адил болдог юм. Бусад хүмүүс олны өмнө гарахаараа хэлэх үгээ мартан спикергүй радио болчихдог бол би бээр спикер нь чанга дээрээ чихарсан, антен нь долгионоо олохгүй парчигнасан радио болчихоод, хүн л хамрыг нь мушигаж унтаарахгүй бол ярьж байгаагаараа хүн хашираадаг золиг байгаам.
Яагаад ингээд байхыг би өөрөө таашгүй ээ хэхэ.

Өглөөний 9 цагт бүртгэл нь явагдаж 10 цагт эхлэсэн оновчтой презентацийн энэхүү сургалтанд Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургуулийн багш, АПУ компаний маркетингийн албаны дарга, Банжиг нетийн үүсгэн байгуулагч, улсын хяналтын прокурор, НҮБ-ын Залуучуудын хөгжлийн төвийн удирдах зөвлөлийн гишүүн гэх мэт дандаа санаачилдаг бүтээдэг, нийгмийн идэвхитэй салбарын төлөөллүүд, байгууллагуудын удирдах албаны хүмүүсээс авахуулаад спикер нь шуугиантай ажилладаг сэтгүүлч би очсон байлаа.

Япон соёл ханхалсан илтгэл, презентаци тавихад зориулан засаж дотоод засал чимэглэлийг хийсэн цэвэрхэн цэмцгэр танхимд Академийн захирал Энхболд өөрөө сургалтыг удирдан хөтөлж, завсар хооронд нь Лектор төвийн захирал, Нээлттэй Мэтгэлцээний Холбооны гүйцэтгэх захирал гэх мэт шинэ үеийн залуучуудын мундаг төлөөлөгчид ирж зөвлөгөө зөвлөмж өгсөн юм.

Лектор төвийн захирал Баатархүү

Сургалт өглөөний 10 цагаас оройн 6 цаг хүртэл явагдсан. Сургалтанд хүрэлцэн ирсэн 28 залуус эхлээд “атом молекул” тоглоом тоглон 6 баг болж хуваагдсаны дараа баг багаараа тус бүрийн ширээнд суусан билээ.
Сургалтын завсар зайгаар бусдыг хөшөөж, хөлдөөхгүйн тулд төрөл бүрийн хөгжөөнт тоглоом тоглуулж байснаас хамгийн таатай нь эгнэн зогсож байгаад бие биенийхээ нуруунд иллэг хийж өгөх байсан шүү.

Coffee break

Сургалт зохион байгуулалт сайтай байлаа. Олны өмнө яаж зөв өөрийгөө ойлгуулах вэ, зөв ярьж зөв ойлгуулахад юуг анхаарах ёстой ... үг хэллэг, гаднах “интерфейс”, гар хөлийн “савалт”, нүдний “ирмэлт”, нүүрний “үрчийлт” ямар байвал зүгээр гэхээс гадна олны өмнө улаан алим болгож онигоонд чихдэг бусдыг даралдаг ичих нүүргүй “айдас” дайсантай индэр дээр гарахаас өмнө болоод гарсаны дараа хэрхэн “нэгийгээ үзэж нээхий дээлээ уралцан” байлдаж ялалтанд хүрэх вэ зэрэг чухал зөвлөмжүүдийг маш сонирхолтой байдлаар тайлбарлан хүргэж байлаа.

Цайны завсарлагаар олны өмнө үг хэлээд илтгэл тавиад сурчихсан Худалдааны Үйлдвэрийн дээд сургуулийн дунд эргэм насны багш эмэгтэй “сургалтаас авах хэрэгжүүлэх зүйл олон байна, шинэ үеийн залуучуудын шинэ мэдээллээр өөрийгөө цэнэглэж байх нь зөв юм байна” гэмээн суусан нь сургалтын үр дүнгийн талаарх багахан боловч дорвитой дүгнэлт байна гэж би бодно.

Үдийн завсарлагаар бид урьдчилан захиалсаны дагуу Сансар хороололд байрлах Украйн зоогийн газарт олноороо сууж хооллосон бөгөөд ер нь нэг өдрийн дотор муугуй танилцаж, нийгмийн идэвхитэй, бүтээлч залуучуудтай харилцаа холбоо тогтоох өргөн боломжийг олгосон сургалт байлаа.

Сургалтын төгсгөлд оролцогчдын дунд чөлөөт сэдвээр 3 минутын илтгэл тавих даалгавар өгч шилдэг илтгэгчийг шалгаруулах болсон. Хүмүүс ч эхнээсээ илтгэл тавьж эхэллээ. Би бээр уг нь цаасан дээр санаагаа ээрээчээд суусан юм л даа. Ингээд салхи хагалж эхэнд гарахаас жаалхан имээж, сүүл мушиган нэр цолоо дуудуулах нь зохисгүй гэж бодсон учраас дунд хавьд гараад туучихлаа.

Индэрийн ард эрээчсэн цаасаа бариад гарлаа. Цаасан дээр буусан хэдэн үгс нөгөө л янзаараа байраа солин хөдөлж надад баригдах шинж алгаа ер нь. Төгсгөлөөрөө эхлэсэн үү, эхлэлээрээ төгсгөсөн үү би мэдэхгүй. Ямартай ч яриад л, яриад л байлаа. Яг үнэндээ би юу ярьсанаа таашгүй болоод явчихлаа.

Тавьсан илтгэлээ бодоод байхнээ “сургалтанд ирэхээс өмнө Оогий үсний боолт ч юм уу, үзэг харандаа ч юм уу өөрөө ч мэдэхгүй нэгэн зүйлийг алга болгосон байсан л гэнэ. Хайж байсан зүйлээ гэтэл сургалт болж байгаа Микроку Айко өргөөний шатан дээр хэвтэж байхыг олсон л гэнэ. Энхболд бид хоёр ах дүү биш ч, ах л гэнэ. Ийм ахтай байгаадаа баярладаг л гэнэ”. Ёстой чөтгөр бүү мэд. Оогий хэнийхэн үл мэдэх хайж байсан зүйл эрж хайж байснаа, учир нь үл мэдэгдэх ах дүүсын барилдлага энэ тэр ярьж хадуурч явсанаа төгсгөөд байх шиг байгаам.

Илтгэл биш элгийг нь авсан хадуурлынхаа төгсгөлд хаашаа явах гэж байгаам бүү мэд, сургалт нь арай л дуусах болоогүй л байлтай гэтэл би гэдэг хүн “баяртай” гэж хэлээд индэрээс буух шиг болно лээ. Алга ташилт ... Алга ташилт яг л толгой дээр аянга ниргэж байгаа мэт л аймаар сонсогдоно лээ шүү.

Би будлиантай сэдэвтэй, цоховчисон дэс дараатай илтгэл тавьсан бол бусад залуусын илтгэлийн сэдвийн дийлэнхи нь эх ороноо хайрлах тухай, эх орондоо хийж бүтээхийн төлөө залуу хүн болгон хөдөлмөрлөх ёстой тухай, эх болсон байгалиа хайрлан хамгаалах нь залуус биднээс эхлэх тухай гэхчилэн эх оронч сэтгэлгээтэй байсан нь үнэхээрийн талархууштай байлаа. Хамгийн гол нь, тэд зүгээр нэг ярьдаг биш хийж бүтээж яваа залуус байгаа нь Монголын маань ирээдүй итгэлтэй, эрч хүчтэй, хөдөлмөрч бүтээлч залуусын гарт атгаастай байгаа юм гэдгийг мэдэрч суулаа.

Шилдэг илтгэгчдийг шалгаруулахад Банжиг нет компаний захирал Хүрэлбаатар хүсэл мөрөөдлийнхөө эзэн болж яваа, залуу хүн бүхэн хүсэл мөрөөдөл, зорилготой байх сэдэвт илтгэлээрээ айргийн 5-д орсон. Худалдаа Хөгжлийн Банкны Дотоод Аудитын Газрын хянан шалгагч Баттогтох 4-р байр, Нью Эксперт ХХК-ийн захирал Ууганболд Эрүүл амьдрахын талаар тавьсан илтгэлээрээ 3-р байр эзлэсэн бол аман хүзүүнд Улсын Ерөнхий Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн хяналтын прокурор Батчимэг “Бэлэг” сэдэвт илтгэлээрээ удаалсан. Харин нэгдүгээр байранд нүдэндээ нулимстай, хоолойн зангиран байж багын андынхаа тухай дурсан ярьсан “Үнэт зүйл”-ийн тухай илтгэлээрээ АПУ компаний Маркетингийн албаны дарга Баярхүү эзэлсэн юм.

Сургалтын төгсгөлд бүгдэд нь батламж гардуулсан. Ямартай ч нэг өдрийг сайхан залуучуудтай өнгөрөөж тэднээс их зүйл сурах ёстойгоо ойлгож, эх орондоо хайртай, зорилготой, тэрхүү зорилго хүсэл мөрөөдөлдөө үнэнч эзэн нь байж, эрх чөлөөт тусгаар тогтносон Монгол улсынхаа цохилох зүрхэнд цус сэлбэн лугших судас нь байж, үеийн залуучуудтай мөр зэрэгцэн ажиллаж хөдөлмөрлөх дуусашгүй, үл дундарах, улмаар хойч үед маань үргэжилэн удамших цаглашгүй хүсэлтэйгээр би гарлаа.

Би сургалтанд хамрагдсан хүн шүү

Аан гэхдээ Оогий шууд харьсангүй ээ. Оогий сэтгэлийн хөөрөлд автан нисэж явсаар Их Монголд найзуудтайгаа уулзаж зөв сайхан урамдаж сурах нь сайн хэрэг байна шүү гэдгийг ухуулж амжсан юм шүү.

Төгсгөлийн цэг тавихын өмнө Оогий өөрөө парчигнадаг спикерээ засаж, санаагаа бусдад зөв хүргэх урлагт суралцахаар шийдсэн. Алийн болгон хэлгүй хүн шиг үзэг цаас барин хүнтэй харилцаж, өөрөөсөө ичиж явах юм вэ.
Зөв ярих нь үнэхээр л урлаг юм байна лээ шүү Залуусаа.

Дашрамд сонирхуулахад Монголын Хүний Нөөцийн Академи байгууллагуудын захиалгаар олон нийтийн харилцаа, хүний нөөцийн сургалт зохион байгуулж байгаа юм билээ. Монголдоо шинэ сургалтын арга барилаар явагдах сонирхолтой уйдамгүй сургалтын санаачлагыг талархаад барашгүй.
Залуу хүний явах замыг, залуу хүний тэмүүлэх хүслийг, залуу хүнийг цэнэглэх тэрхүү мөрөөдлийг та эндээс олно гэдэгт итгэлтэй байна.